Я.Шийлэгмаа

 Дэлгэрэнгүй»

Экземпляр лекц. Сэдэв: ТНУ-ын хичээлээр төсөлт хичээлийг зохион байгуулах нь

ТНС-II анги, Б-303,13.00-14.30

Я.Шийлэгмаа

Хэлэлцэх асуудлууд:

Оршил

1. Төсөлт хичээл хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдал.

2. Суурь боловсролын түвшинд төсөлт ажил зохион байгуулах зорилго, онцлог

3. Суурь боловсролын түвшинд төсөлт ажлыг зохион байгуулах арга, хэлбэр

4. Төсөлт ажлын бүтэц

5. Төсөл ажлын тайлан

6. Дүгнэлт

Түлхүүр үгс, ойлголтууд: суралцагчийн хөгжлийн үнэлгээ-learner development evaluation, арга зүй-methodology, аргаethods, боловсролын стандарт-education standards, хичээлийн нэгж-unit of lessons, хичээлийн -lesson study

Оршил

Монгол Улс XXI зуунтай зэрэгцэн нийгмийн шинэчлэл хийж эхэлсэн ба тэр дундаа боловсролын салбарын шинэчлэлийг нэн тэргүүнд хийж байна. Төсөлт хичээл нь тодорхой стандартгүй байдаг учир энэ хичээлийг зохион байгуулахын тулд "Юу хийх хэрэгтэй вэ? Юунаас эхлэх вэ?" гэдэг асуудлын тухай олон янзын уулзалт хэлэлцүүлгүүд одоо ч өндөр хөгжилтэй орнуудын боловсролын салбарт яригдсаар байна. Гэсэн ч өнөөг хүртэлх туршлагаас харахад стандартгүй байгаа нь харин ч хүүхдэд чөлөөтэй сэтгэн бодох, бүтээлчээр ажиллах нөхцөлийг хангаж өгч байгаа сайн талтай юм. Хүүхэд хэрэгцээ сонирхолдоо нийцүүлэн бие даан асуудал дэвшүүлсэн тохиолдолд хүүхдийн суралцах төвшин маш хурдацтай хөгждөг гэдгийг олон сайн туршлагууд батлан харуулж байна.

Төсөлт ажил хичээлийн гол асуудал нь "Юу хийх вэ?" гэдгийг тодорхойлж өгөөгүйд оршино. Энэ нь харин ч төсөлт ажил хичээлийн давуу тал болсон.Төсөлт ажилаар судалгаа шинжилгээ хийсний дараагаар хүүхэд "Би цаашид юу хийх хэрэгтэй юм бэ?" гэдэг бодит зүйлийг асуудал болгон дэвшүүлж чадаж байвал тэр нь сая, төсөлт ажлын утга учир болно.

1. Төсөлт хичээл хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдал.

"Төсөлт ажил" хичээл нь монгол орны хувьд 2004-2005 оны хичээлийн жилээс ЕБС-ийн сургалтанд албан ёсоор орох болсон юм. Энэ хичээл нь албан боловсролын сургалтад 2004-2005 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангиас, 2005-2006 оны хичээлийн жилээс 3 дугаар ангиас эхлэн орсон бөгөөд 2006-2007 оны хичээлийн жилээс 4-9 дүгээр ангид орж байгаа юм.Харин ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжих 2008-2009 оны хичээлийн жилээс 3-9 дүгээр ангид орох болж байна.

Төсөлт хичээл нь боловсролоор тэргүүлэгч орнуудын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тодорхой тусгагдсан байдаг бөгөөд Тухайлбал, Германд төсөлт ажил хичээл нь 1970-аад оны үеэс эхлэн зарим сургуулийн ("Шютайна сургууль" хэмээн алдаршсан хувийн сургууль) сургалтанд орж ирснээр хүүхдийн идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурласан энэхүү хичээлийн суурь тавигдсан байна. Англид төсөлт ажлын тайлангаа ном бүтээж хамгаалдаг бол Өмнөд Солонгост 2000 оноос төсөлт ажлыг "Бие даах хичээл" нэртэйгээр сургууль тус бүрийн онцлогт тохируулан явуулж эхэлсэн, Японд "Цогц хичээл" нэртэйгээр ЕБС-ийн бүх ангид ордог байх юм. Японд бүр 1920-оод оноос энэ хичээлийн суурь тавигдсан ч 2001 оноос албан ёсоор ЕБС-ийн сургалтанд орсон бөгөөд зөвхөн төсөлт ажил хичээл л ордог сургууль хүртэл байдаг. Энэ сургууль бол Тотори мужийн Томаримури тосгоны бага сургууль бөгөөд төвшин тогтоох шалгалтаар муждаа тэргүүлдэг гэнэ. Ер нь төсөлт ажил хичээлийн санааг анх Францын гүн ухаантан Жан Жак Руссо (1712-1778) г.м. хүмүүс гаргасан гэж судлаачид үздэг юм байна.

2. Суурь боловсролын түвшинд төсөлт хичээл зохион байгуулах зорилго, онцлог

Төсөлт ажил нь тэдний бие даасан бүтээлч үйл ажиллагааг дээд зэргээр шавхан дайчлаад зогсохгүй амьдралд нь хэрэгтэй мэдлэг чадварыг олгож байдгаараа онцлог юм. Иймээс ч энэхүү хичээл нь сурагчдад:

Ш Асуудлыг олж харах, дэвшүүлэх чадвар олгох

Ш Өөрсдийн сонирхсон зүйлээ судалж мэдэх нөхцөл бүрдүүлэх

Ш Хүүхдийг бие дааж болон хамтран ажиллах чадварт сургах

Ш Мэдээлэл цуглуулах, мэдээлэлд боловсруулалт хийх чадварт сургах

3. Суурь боловсролын түвшинд төсөлт хичээл зохион байгуулах арга, хэлбэр

Дунд ангид төсөлт ажил явуулахдаа төсөлт ажлын эрхэм зорилгыг тодорхойл: уг зорилгод хүрэхийн тулд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулна. Энэхүү I жилийн төлөвлөгөөгөөр агуулга/сэдвийн хүрээг тогтоож өгнө. Ингээд агуулгыг хэрэгжүүлэхийн тулд дунд ангид төсөлт ажил явуулах хэд хэдэн хэлбэрээс сонгох боломжтой.Дунд ангид төсөлт ажлыг дараах хэлбэрээр явуулж болно.

Ш Мэтгэлцээн хэлбэртэй төсөлт ажил

Ш Интеграц агуулгатай төсөлт ажил

Ш Асуудал судлаад тайлагнах төсөлт ажил

Ш Ажлын байранд судалгаа хийх төсөлт ажил

Ш Нийгэм, хүмүүсийн амьдралтай танилцах төсөлт ажил

Эдгээрээс асуудал судлаад тайлагнах төсөлт ажлыг бага ангид дагнан явуулдаг, хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд дунд ангид дээрх хэлбэрүүдээс сонголт хийж явуулна. Нэг хэлбэрийг дангаар нь эсвэл 2-3 хэлбэрийг хослуулан хэрэглэж болно.

4. Төсөлт хичээлийн бүтэц

a. Сэдэв сонголт буюу асуудал дэвшүүлэлт

b. Төлөвлөлт

c. Судалгаа

d. Тайлан (завсрын болон эцсийн)

e. Үнэлгээ (өөрийн болон хөндлөнгийн) гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулдаг

Төсөлт ажлын сэдэв сонголтыг танхимын цагт багшийн ерөнхий туслалцаатайгаар хийх нь тохиромжтой бөгөөд багш сэдэв сонголтын үед онцгой мэдрэмжтэй байж сурагчдын дэвшүүлж буй сэдвүүдийг аль болох зангидаж, олон ерөнхий сэдэв сонгохоос сэргийлэх хэрэгтэй.Мөн тухайн ерөнхий сэдвийн хүрээн дотроо, хэт халихгүйгээр "оюуны зураглал" үүсгэж байгаа эсэхэд хяналт тавина.

Ингэхдээ багууд тус тусдаа судалгаа явуулахаас гадна бусад хэсгүүдтэй, хамтран судлах зүйлээ ч төлөвлөнө. Оюуны зураглалыг аль болох томхон цаасан дээр хийлгэх нь тохиромжтой хэмээн үздэг. Тухайн төсөлт ажлын явцад голдуу судлах зүйлүүд шинээр гарч ирээд байдаг. Энэ тохиолдолд дараагийн удаа судлахаар хойшлуулж болно.

Төсөлт хичээлийн төлөвлөлт, судалгаа:Төсөлт ажлыг танхимд болон танхимаас гадуур зохион байгуулах сургалтын шинэ төлөвлөгөөнд заагдсан төсөлт ажлын цагаар ангид төсөлт ажлын сэдэв сонголтыг багшийн оролцоотойгоор хийсний дараа судалгаа явуулах, тайлангаа хэрхэн хамгаалах төлөвлөлтөө зохионо.

Өнөөгийн байдлаар ЕБС-д багаар буюу бүлгээр ажиллах хэлбэрийг хичээлд харьцангуй хэрэглэх болсон ч энэ нь цаг хугацаанд баригдсан явцуу хүрээнд, хэлбэрийн төдий үйл ажиллагаа болж байгааг өөрчилж сурагчдад хамтран ажиллах нөхцөлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд төсөлт ажил хамгийн тохиромжтой юм.

Манай орны нөхцөлд төсөлт ажлыг хугацааны хувьд улиралд 1 удаа хийхээр төлөвлөх нь тохиромжтой гэж үзэж байна. Гэхдээ:

1. Тухайн ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлог

2. Сонгосон сэдвийн агуулгын хүрээ

3. Хүний нөөцийн байдал (Тухайн багт хэр чадвартай хүүхдүүд оров)

4. Судалгаа явуулах орчны байдал (хот, хөдөө) гэх зэргээс хамаараад хугацаагаа ямар ч байдлаар төлөвлөж болно.

Сонгосон сэдвээр судалгаа хийхдээ баримт цуглуулах арга (ажиглалт, туршилт, зураглал, асуулга, ярилцлага)-ыг хэрэглэнэ. Ингэхдээ багийн бүх гишүүн биечлэн оролцохыг гол болгох ёстой. Үүний тулд ажил үүргийн хуваарь гарган хугацаагаа нарийн төлөвлөж ажиллана.

5. Төсөл хичээлийн тайлан:

Төсөлт ажлын үр дүнгээр эцсийн тайлан гаргана. Энэ тайлангийн өмнө хугацаанаас хамаараад завсрын тайланг хэдэн ч удаа хийж болно. Тухайлбал, 5 цаг үргэлжлэхээр төлөвлөгдсөн төсөлт ажил байвал 3 удаа завсрын тайлан тавина гэсэн үг. Сурагчид өөрсдийн судалж мэдсэнээ дэд баг дээрээ ярилцан, төвлөрүүлж нэгтгээд, тайлангийн үед анги дотроо дэд багууд өөр хоорондоо хийсэн ажлаа танилцуулна.

Манай ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд төсөлт ажил хичээлийг 7 хоногт 1 цаг орохоор төлөвлөсөн байдаг. Тэгвэл эхний 1 цаг дээр танхимд, багшийн удирдлаган дор сэдэв сонголтыг хийж, эцсийн тайлан хүртэл хэдэн удаа орох байна, төчнөөн удаа явцын буюу завсрын тайланг тавиулна. Завсрын тайланд тухай тухайн 7 хоногт шинээр юу сурч, хийж сурав гэдгийг нь нөхдөд нь сонсгохоор зохион байгуулж болох юм.

Ер нь багш, явцын буюу завсрын тайлангаар тухайн сурагч анхны төлөв байдлаасаа хэрхэн өөрчлөглөгдөж байгааг, өөрөөр хэлбэл тухайн сурагчийн ахицыг онцгой анзаарч явах учиртай. Төсөлт ажлын тайлан хамгаалах олон хэлбэр байдаг байна. Үүнд:

1) Үзэсгэлэн, ханын сонин гаргах (Галерейн арга)

2) Фото тайлан, видео бичлэг

3) Жүжигчилсэн тоглолт (Дүрд тоглох арга), үзүүлбэр, туршилт

4) Зохион бичлэг, ном бүтээх

5) Бүдүүвч хүснэгт, зураглал гаргах

Японы Тотори мужийн Томаримури тосгоны бага сургуульд төсөлт ажлаас өөр хичээл ордоггүй хэдий ч сурагчид нь төвшин тогтоох шалгалтаар муждаа байнга тэргүүлдэг гэнэ. Энэ амжилтын нууц нь төсөлт ажлын үр дүнтэй шууд холбоотой ч хамгийн гол нь энэ сургууль хүүхдүүдээрээ байнга зохион бичлэг бичүүлдэг аж. Төсөлт ажилд хэрэглэхэд тохиромжтой "Чөлөөт зохион бичлэг" аргыг Францын нэгэн бага сургуулийн багш Френет (1896-1966) анх боловсруулжээ.Тэрээр бага сургуульд багшилж байгаад дэлхийн I дайнд явж, хорт утааны улмаас маш сул дуутай болсон тул эргээд багшлахад нь хүндрэлтэй байжээ. Угаасаа дан хөвгүүдээс бүрдсэн анги байсныг ч хэлэх үү, сурагчид нь хичээл дээр үймүүлэх болсон байна.Нэгэн удаа тэрээр ангид орж иртэл хүүхдүүд ямар нэгэн зүйл сонирхон овооролдож багш орж ирснийг ч анзаарсангүй. Багш тэдэн дээр очтол эмгэн хумснуудыг уралдуулж, байв. Багш тэднийг ер зандарсан ч үгүй, харин ч "Миний эмгэн хумс түрүүлсэн" гэсэн өгүүлбэрийг самбарт гоёоор бичээд, хүүхдүүдээр тэрхүү уралдааных нь талаар самбарт өгүүлбэрүүд бичүүлж гэнэ. Хүүхдүүд утга яруу өгүүлбэрүүдийг үсгийн дүрмийн нэг ч алдаагүйгээр хичээнгүйлэн цэвэрхэн бичицгээжээ.Үүнийг хараад багш "Хүүхдүүд өөрсдийн сонирхсон зүйлийг хэний ч албадлагагүйгээр маш сайн хийж чаддаг юм байна" гэдгийг ухаарч, тэдэнд хандан "Өөрсдөдөө төрсөн сэтгэгдлээ бичицгээгээрэй" гэхэд бүгд маш идэвхтэй, сайн бичицгээжээ. Түүнээс хойш хүүхдүүдээрээ чөлөөт зохион бичлэг бичүүлж, яриулах болсноор энэхүү арга бий болжээ. Хожим энэ арга олон оронд "Чөлөөт сургалт", "Чөлөөт хичээл", "Чөлөөт зохион бичлэг" нэрээр түгэн дэлгэрч, сурагчдад яриа, бичгийн чадвар олгох чухал аргын нэг болжээ.

"Чөлөөт зохион бичлэг"-ийн арга нь дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ.

Хүүхдүүд өөрсдөө юу бичихийг хүсч байгаагаа чөлөөтэй бичих, бичихийн зэрэгцээ зураг зурж ч болно. Бичсэн зохион бичлэгүүдээ товч танилцуулаад, ангийнхаа хананд, бусдад харагдахаар газарт өөрсдөө байрлуулна. Сурагчид, зохион бичлэгээ хананд байрлуулсан дарааллаараа хүснэгтэлж бэлтгэсэн цаасан дээр нэрээ бичээд сууна.

Хананд байрлуулж дууссаны дараа сурагчид, бүх зохион бичлэгтэй чөлөөтэй танилцаж, зарим зохион бичлэгээс тодруулах зүйлээ туслах багшийн удирдлаган дор асууж ярилцана.

Төсөлт ажлаа "ном бүтээх" аргаар тайлагнаж болно. Ер нь манай бага боловсрол олгох сургалтад хүүхдээр бяцхан ном хийлгэдэг уламжлал бий. Үүнтэй адилтган ойлгож болно. Гэхдээ бяцхан ном төдийхнөөр ойлгож болохгүй. Номоо аль болохоор сонирхолтой хэлбэрээр бүтээх аргыг бодож олох нь багшийн сайн төлөвлөлт болно .

Төсөлт ажлын дэд сэдвийг судлахаар 5 хүүхэд нэг баг боллоо гэж бодъё. Тэгээд тухайн дэд сэдвийн дор юу юуг сонирхон судлахаа хэлэлцээд багийн гишүүд тус бүртээ судлах агуулгаа хувааж авна.Тайлангийн үед хүүхдүүд, өөр өөрсдийн судалж мэдсэн зүйлээ ижил хэмжээний цаасан дээр (бичгийн цаас байж болно) буулгана. Хүүхэд бүр бичгийн цаасаа хөндлөнгөөр нь нэг нугалж (А5 хэмжээтэй болгож), нугалсныхаа дотор талын 2 жижиг нүүрэнд бусдадаа мэдээлэх гэсэн зүйлээ зурж, бичиж бэлэн болгоно. 5 хүүхдийн бэлтгэсэн материалыг хамарлан, уулзуулж скочдож наана. Ийнхүү тухайн баг, 10 нүүр бүхий эвхэгддэг номоо богино хугацаанд, хүүхэд бүр гар бие оролцон хамтран бүтээж болно.Төсөлт ажлын тайлангаар сурагчид шинээр юу мэдэж авав, санаа бодлоо бусдад илэрхийлэх болон бусадтай хамтран ажиллах чадварт хэр суралцав, сурах судлах арга барилд хэр суралцав, сурагчдад нийгэмшин амьдрах чадвар хэр төлөвшив гэдгийг харах боломжтой.

6. Төсөлт хичээлийн үнэлгээ.

Төсөлт ажил хичээл хэдийгээр стандарт үнэлгээгээр үнэлэхгүй ч сурагчдын хөгжил, төлөвшил, ахицыг ямар нэг хэмжээгээр үнэлэх нь гарцаагүй. Энэ талаар төсөлт ажлыг дагнан судалдаг олон эрдэмтэн өөр өөрийн санааг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, Америкийн эрдэмтэн судлаач Эдуард, Гордон, Боттомс, Вэбб нарын бүтээлд суралцагчийн өөрийн үнэлгээ буюу эргэцүүлэн бодохуйг бүтээлчээр хэрэглэх санааг дэвшүүлжээ. Мөн Токиогийн Гакүгэй их сургуулийн профессор багш Асанума Шигэрү өөрийн үнэлгээг чухалчлан үздэг. Гагцхүү өөрийн үнэлгээг хэрхэн хийх тухайд сурагчийн өөрийнх нь тэмдэглэл, эргэцүүлэмж (portfolio) чухал байдгийг төсөлт ажлын сургалтаар тодорхой туршлага хуримтлуулсан орнуудын жишээ бэлхнээ харуулж байна. Өөртөө үнэлгээ өгсөн дээрх материалууд нь сурагчийн бүтээлийн санд байнга хадгалагддаг нь хүүхэд өөрийнхөө алдаа оноог олж харах боломж олгоод зогсохгүй багшид тухайн хүүхдийн ахиц хөгжлийг харах "нээлттэй цонх" болдог. Өөрийн үнэлгээнээс гадна хөндлөнгийн (сурагчид өөрийн болон бусад багийг, багш болон сургуулийн удирдах ажилтнууд, тухайн төсөлт ажилд оролцсон эцэг эх, бусад хүмүүс г.м.) үнэлгээг хийж болно.

Төсөлт хичээлийн судалгааны аргууд

Төсөлт ажлын туршилт, судалгаанд хэрэглэх аргаа зөв сонгох нь судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэстэй болгох, асуудлыг олж харах, оновчтой шийдэх боломжийг олгодог.Судалгаа хийх олон арга бий боловч төсөлт ажлын хүрээнд та дараах аргыг хэрэглэж болно:

Ш Ажиглалтын арга

Ш Асуулгын арга

Ш Ярилцлага (хүүхэд, эцэг эх, багш, ажлын байрны хамт олны гэх мэт бусад)-ын арга

Ш Онолын судалгаа ба түүхэн баримт бичиг судлах арга

Кейс 1: Лам нарын ярианаас төрсөн сэтгэгдэл

(Багшийн тэмдэглэл)

...8-р ангийн экскурс төсөлт хичээлийн жишээ. Хотын нэгэн сүмд явуулсан "Сүм хийдийн нэгэн өдөр" төсөлт ажилд оролцсон нэг сурагч залуу лам нартай мөр зэрэгцэн цэвэрлэгээ хийнгээ ярилцсанаа огт мартдаггүй гэнэ. "Бага ангийн хүүхэд байхдаа лам болохоор шийдсэн, хөл бөмбөгт дуртай болохоороо бүтэн сайн өдөр дасгал хийдэг тухай, хатуу чанга шашны ёс жаягийг тэсвэрлэснээр өнөөдөр би өдий зэрэгтэй болсон, ирээдүйд өөрийн сүм байгуулна" гэж мөрөөддөг гэх мэт зүйлүүдийг ярьж өгчээ. Тэрхүү яриа нь лам нарын өдөр тутмын амьдралын хэв маягийн нэгэн хэсгийг зурвасхан өгүүлсэн зүйл байсан хэдий ч нөгөө сурагч ямар ч ном, судалгаанаасаа огт олж чадахгүй зүйлийг лам нарын ярианаас сонсоод маш их сэтгэл хөдөлсөн байв.

Кейс 2: "Түүхэн гэрчүүдээс ярилцлага авах буюу аман түүхийн судалгаа" төсөлт ажил

Энэхүү хичээлийн онцлог нь хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа багшийн ярианд үндэслэж явагдана. Хөтлөгч урьсан хүнээ товч танилцуулахаас эхлэн, тухайн хүний туулж ирсэн амьдралын талаар харилцан ярилцана. Тэд тухайн түүхэн үйл явдлын эргэн дурсаж байгаагаар ярих нь бий. Энэ үед сурагчид шууд асуулт тавих булан, сурагчид өөрийнхөө тухай ярих боломж олгож байв. Энэхүү уулзалтын 2 цаг нь сурагчид дув дуугүй сонсож өнгөрөөх цаг биш.

Энэхүү хичээл нь сурагчдад хүчтэй нөлөөлж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь: "Халх голын тулалдаанд оролцож явсан цэргүүд жинхэнэ баатрууд юмаа!", "Эх орон гэдэг миний хувьд хэчнээн чухал болохыг сайн ойлголоо", Хэзээ нэгэн цагт би ч бас алдартай хүн болъё гэж бодлоо"" гэх мэтээр тэдэнд энэ сонин учрал бүр сэтгэлийг нь хөнддөг.

Энэ цагаас хойш цаг хугацаа хэчнээн өнгөрлөө ч арилж, алга болохгүй, сэтгэл хөдөлгөсөн ийм олон "учрал" нь хүүхдүүдийг өөрийн эрхгүй эх орныхоотүүхийг судлах дур сонирхолтой болгох төдийгүй, идэвхтэй сургалтад хөтөлдөг.

Дүгнэлт

Хөгжилтэй орнуудын туршлагаас үзвэл төсөлт ажил нь хүүхдийн хөгжил, төлөвшлийг хангах чухал сургалт байдаг. Манай орны хувьд сургууль бүр өөр өөрийн гэсэн онцлогтойгоор янз бүрийн түвшинд явуулж байна.

1. Дунд ангид ихэнхдээ төсөлт ажлыг анги удирдсан багш эсвэл цөөн цагтай багш явуулж, уг хичээл агуулга, мөн чанарынхаа дагуу бус, анги хүмүүжлийн ажлын цаг мэт болж, зарим үед бусад мэргэжлийн хичээлүүдийг орлуулан зааж байгаагаас үзэхэд энэ чиглэлээр төвлөрсөн сургалтуудыг улсын хэмжээнд удаа дараа зохион байгуулах хэрэгцээ буйг харуулж байна.

3. Дунд ангид багш нар төсөлт ажил явуулах аргазүйг мэдэхгүй, хичээлийн хуваарьт энэ хичээлийн цаг тусгагдаагүй, төсөлт ажил, төсөлт хичээл явуулах арга зүй, туршлагаар илүү бага ангийн багш нартайгаа дунд ангийн багш нар хамтарч ажилладаггүй, нэгдсэн сургалтад хамрагдаагүй зэрэг бэрхшээлтэй байдал байнга тулгарч байна.

4. Орон нутгийн сургуулийн удирдлага, багш, эцэг эхэд энэ хичээлийн талаарх ойлголт хангалтгүй, багш нар сургалтад хамрагдаж, энэ хичээлийг явуулах аргазүйг эзэмшээгүй байна. Иймд төсөлт ажлын онол, аргазүйн шаталсан сургалтыг төвлөрсөн байдлаар явуулж, биеэр мэдрүүлэх дадлага хичээлийг түлхүү оруулах хэрэгтэй байна.

Даалгавар: 4 багт хуваагдан төсөлт ажлын жишээг бэлтгэн танилцуулах

Ном зүй

1. Шигэрү Асанума. Төсөлт ажил хичээлийн киррикюлимыг зохиох. Токио, 2000

2. Оюуны хөтөч. МУБИС-ийн боловсрол судлалын онол, арга зүйн эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2007

3.Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол. Үндэсний зөвлөгөөний эмхтгэл. УБ., 2007.04.06.

4. Туршигч багш нарын тайлангууд. УБ., 2006, 2007, 2008

5. Ц.Наранцэцэг, Б.Булган, Наканиши Рейко. Төсөлт ажлын арга зүй. Зөвлөмж-1. УБ., 2007

6. Ц.Наранцэцэг, Б.Булган, Ц.Оюун, Наканиши Рейко. Төсөлт ажлын арга зүй. Зөвлөмж-II,III. УБ., 2008

Холбогдох вэб сайтууд:

1. http://www.yononaka.net

2. http.7/www. yononaka-net.com/mypage/report/view_material.php

3. http://www.yononaka-net.com/mypage/traning/view.php?traning_no=37

4. http://www.google.com/

5. http://www.yomiuri.co.jp

Багш гэж хэн бэ?

2011 оны 05-р сарын 02 Нийтэлсэн shiilegmaa

Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн. Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “Хашийг эс засвал сав болохгүй  хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.

Тэгвэл багшийн ёс зүй гэж чухам юу вэ? Эл асуудлыг ярихын өмнө ёс зүйн талаарх онолын ойлголтыг авч үзье. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэсэн гурван ойлголтыг хүмүүс нийтэд нь ёс суртахуун гэж ойлгодог. Гэвч нийтлэг талуудтай ч ялгаатай.
-Зан суртахуун гэдэг нь хүмүүсийн зан ааш, ёс заншил  тэдгээрийн хоорондын харилцааны цогцос юм. Практик үйлийн шинжтэй. Зан суртахуун нь өөрөө хүнийг хүмүүжүүлдэг.
- Ёс суртахуун ( мораль) гэдэг нь хүмүүсийн зан үйлийн зарчмуудыг системчлэн нэгтгэн дүгнэж , үзэл суртлын талаар боловсордог.

- Ёс зүй ба (этика) гэдэг нь мораль ба зан суртахууны үүсэл , шинж чанар хөгжлийг нь судалдаг шинжлэх ухаан юм. Мөн ёс зүй нь хүмүүс бусадтай , хамт олонтой нийгэмтэй харьцах харьцааг судалдаг. Багшийн ёс зүйд хамт олон дунд багшийн эзлэх байр суурь тодорхой үүргийг гүйцэтгэдэг . Багш хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв ухамсарлан  тэдэнд итгэж ажиллах нь чухал. Суралцагч бүрийг хүндэтгэн харилцах нь сургалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх дараагийн чухал алхам мөн. Хичээллэх, сурах, судлах, турших, дадлагажих тохилог танхимууд, тэр дундаа багшийн эелдэг сайхан зан ааш, хурц тод үг хэллэг, зохимжтой хувцаслалт, зүс царай, хоолойн өнгө эл бүгд багшийн дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэл өөрөөр хэлбэл үзэл бодлын систем, бусдад хандах хандлага, амьдралын зорилго, туйлын зорилго зэргийг тодорхойлно.

Сурган хүмүүжүүлэх харилцаа амжилттай болох нэг үндсэн нөхцөл бол багш хүүхдийг хүнийх нь хувьд хүндлэх, түүний бүхий л эрхийг нь дээдлэх явдал юм. Жишээ нь багш сурагчидаа хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасаа харилцаа эерэг, харилцан бие биедээ нөлөөлж, хүндэлсэн, ойлголцсон уур амьсгалтай болоход нь багш анхаарах нь зүйтэй. Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх техник гэсэн ойлголтыг “ багш өөр хүн болон хувирах , дуу хоолой , нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон өөрчлөгдөх чадвар “гэж үзсэн байдаг.

-Багш дуу хоолойгоо эзэмдэх техник нь гаргаж буй дуу авиагаар ойр дунд холын зайд хүргэх чухам ямар зайд хүргэхээ тоцоолон тохируулах явдал .
- Нүүрний хувиралын техник нь багш баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй, хүүхдэд өөдрөг хандах хандлага хэнийг ч хүлээн авч ойлгох бэлэн байгаа байдлыг илэрхийлж байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх.
- Хэл ярианы техник үгийг цэвэр тод хэлэх хэт чанга бус , хэт намуун бус ярих буюу ярианы өндөр нам нь тухайн нөхцөлд тохирон өөрчлөгдөж байх нь чухал.
- Хөдөлгөөний техник нь багш ангид яаж алхах гишгэх , яаж суух , гараа ямар байдалтай байлгах, толгойгоо яаж хөдөлгөх зэргийг эвсэлтэй зөөлөн, хөнгөн хийх урлаг болно. Тухайлбал: багш ангид хүнд алхах гишгэх  яаж суух, гараа их хөдөлгөх, толгойгоо янз бүр болгон хөдөлгөх нь сурагчдын анхаарлыг сарниулах муу нөлөө ажиглагддаг байна.

Мөн судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж, дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ.
- Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан.
- Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих
- Хүүхдийнхээ дотоод ертөнц , бие авч явах байдлыг үргэлж судалж байх.
- Хүүхдийн боломж, үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч, өөдрөг хандах.
- Биеэ эзэмдэж, тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж, засаж залруулж байх.
- Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй .
- Хүүхдэд элэгсэг , найрсаг хандах.
- Үнэнч шударга зарчимч байх.
- Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах.гэх мэт.

Өнөөгийн багш нар дээрх хэм хэмжээг хэрхэн баримталж байгаа бол? Тухайлбал : “Уулзаагүй байж урьдаас энэ ч муу хүүхэд гэнэлээ” гэсэн хандлагаар хүүхдэд хандах тохиолдлууд ажиглагдаж байдаг. Зан ааш муутай хөгжмийн зохиолч, зураачид маш сайн шилдэг уран бүтээл хийж чадна. Харин ааш зан муутай хүн багшлахад тун бэрхшээлтэй. Тэд тухайн хамт олондоо улмаар суралцагчдадаа эцэст нь өөртөө бэрхшээл учруулдаг.

Багшийн дараах чанаруудыг тухайлбал : сайхан сэтгэл  тухайн шинжлэх ухааныг судлан сонирхдог, ам ажил нь нийлдэг, тэвчээртэй, өөдрөг үзэлтэй, харьцааны соёлтой, шаардлагатай ажилдаа бүтээлч ханддаг, аливаад бодитой ханддаг, суралцагчдад мэдлэг эзэмшихэд нь туслахыг байнга эрмэлздэг, нэр хүндтэй, суралцагчдыг оношлон тодорхойлох чадвартай , хэл ярианы соёлтой , илтгэх чадвартай, хичээлийн үед нөхцөл байдалд хувиран өөрчлөгдөх чадвар сайтай, мэдрэмж үнэлэмж сайн, асуудлыг оновчтой тодорхой шийдвэрлэх, хэл ярианы соёлтой байх чанаруудыг илүү үнэлсэн байдаг. Эндээс харьцааны соёлгүй мэдлэг ур чадвараар дутмаг, сурагчдыг ялгаварлан дүгнэх хандлагатай багш нарыг сурагчид төдий л хүндлэхгүй, зааж буй хичээлийг нь үл ойшоон өөрийг нь эвгүй байдалд оруулах нь ажиглагддаг. Хүн хүний сайхан зангаас айхаас бус хэзээ ч муухай ааш, ааль авираас айхгүй шүү дээ.

Багш үндсэн гурван механизмаар суралцагчдадаа нөлөөлж чадвал сургалт үр дүнтэй болох талтай.
1. Татах байдлаар : Өөрийн хичээл зүтгэл, үйл ажиллагаагаар нөлөөлж, тэдний авьяас чаварыг хөгжүүлнэ.
2. Итгүүлэх байдлаар : Сайн ханддаг хүнийхээ үгэнд илүү анхааран ханддаг хүний сэтгэл зүйн онцлог байдаг.Үүн лугаа хайрлан байгаа багшийн үг бол суралцагч хүнд тун үнэ цэнэтэй.
3. Ухааруулах: Суралцагчдыг ухааруулан ойлгуулж , уяруулан дагуулж , ухамсарлуулан сэнхрүүлж , тэдэнд тодорхой сэдэл өдөөж чадна гэдэг багшаас маш их ур ухаан , чадварыг шаарддаг. Энэ нь итгүүлэхийн нэгэн адил үг голлох хэдий ч хүний сэтгэл зүй, ухамсарт нөлөөлдгөөрөө чухал юм. “ Хүн үгээр, тариа усаар” , Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэсэн ардын зүйр үгс байдаг шүү дээ.

Энэ бүхнээс эцэст нь дүгнэж хэлэхэд багшийн ёс зүйн асуудалд сурган хүмүүжүүлэх харилцааны асуудал, биеэ зөв авч явах байдал,ёс суртахуун болон зан суртахууны талаар доголдолгүй байх, хичээл заах ур чадвар, сэтгэл зүйн мэдлэг чухал байртай нь ажиглагдаж байна. Ер нь багш хүн хүүхэдтэй” дээрээс доош“ гэсэн байдлаар хандаж харилцахгүй байх, хүүхэд болгонд өөдрөгөөр хандах, харилцааныхаа эв дүйг үргэлж боловсронгуй болгож байх хэрэгтэй юм байна. Багш хүн бол шавь нарынхаа “толь” нь болдог. Цэвэр үзэмжтэй хувцаслаж, соёлтой байж, биеэ зөв авч явдаг багшийг шавь нар нь хүндэлж, түүнээс “айж “ эмээж явдаг төдийгүй үлгэр дууриалал болдог байна. Ёс суртахуун болон зан суртахууны доголдолтой хүн хүнийг хүмүүжүүлнэ гэдэг хуудуу хэрэг. Багш хүн өөрийн эцсийн зорилгодоо хүрэхэд нь түүний зан ааш ихээхэн нөлөөлдөг. Сайхан ааш эелдэг зөөлөн харьцаатай багш шавь нараараа өөрийгөө хүрээлүүлж чаддаг. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг . Тухайн байдалд тохирсон оновчтой хурц нөлөөлөх хүчтэй байх ёстой.Үгээр хүнийг амьдруулж ч болно, үхүүлж ч болно гэдэг үг бий. Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хүчит зэвсгийн нэг үг болно. Хүн ер нь магтуулах дуртай амьтан. Магтаал сайшаалын үгийг шавь нар нь багшаасаа үргэлж хүсэж байдаг. Магтаал сайшаалын ганц хоёр ч гэсэн үг хичнээн ач тустай байдгийг хүн бүр мэднэ шүү дээ.

Дипломын ажил бичих зааварчилгаа

2011 оны 05-р сарын 02 Нийтэлсэн shiilegmaa
Дипломын ажил нь тус сургуулийн сургалтын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг бөгөөд оюутнуудад танхимд олж авсан онолын мэдлэг, чадвараа бататган өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу тодорхой сэдэв, асуудлаар судалгаа хийж, санал дүгнэлт гаргах, төсөл, шийдвэр боловсруулах ур чадвар, арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Дипломын ажлын сэдвийг мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгын хүрээнд холбогдох багш нартай зөвшилцөн сонгон авч бичнэ. Сэдвийг оюутан нь өөрийн ажилладаг /ажиллах/ төрийн болон төрийн бус, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн байгууллагын захиалгаар, эсвэл сонирхсон асуудлаараа сонгож болно.

Дипломын ажил нь:
1. Сэдвийн төлөвлөгөө
2. Оршил. Тухайн сэдвийг судлах болсон шалтгаан, судалгааны ажлын зорилт, зорилго, түүний судлагдсан байдал, судалгааны арга, шинэлэг тал, үнэ цэнэ, онол практикийн ач холбогдол, дипломын ажлын бүтэц зэргийг бичдэг.
3. Үндсэн хэсэг.
   А/ Онолын хэсэг. Тухайн сэдвийг агуулгын хувьд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хэрхэн үздэг, тэдгээрийн гаргасан үнэлэлт, дүгнэлт, тодорхойлолтууд, тэдгээрийг хооронд нь харьцуулсан байдал зэрэг байна. Мөн түүхэн явцад хэрхэн өөрчлөгдөж байсныг товч дурдаж болно.
   Б/ Судалгааны хэсэг. Онол, практикт хэрэглэх боломж, өөрийн дэвшүүлсэн таамаглалуудыг нотлох баримтууд, маргаантай байгаа асуудлуудыг эрдэмтэн, судлаачид хэрхэн шийдвэрлэсэн, практик амьдралд хэрхэн шийдвэрлэж байгаа зэргийг тодорхой баримт судалгаанд тулгуурлан бичсэн байна.
4. Дүгнэлт. Судалгааны ажлын эцэст ямар үр дүнд хүрч улмаар дүгнэлт хийж түүний онол болон практикт хэрхэн хэрэглэж болох ба хэрэгжүүлж байгаа арга замуудыг тодорхой бичнэ. Энэ нь төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө, байгууллагын бүтэц зохион байгуулалтын хэлбэртэй эсвэл онолын тодорхойлолт, дүгнэлт, санал байж болно.
5. Ном зүй.
6. Хавсралт. Судалгаанд ашигласан бүх баримт сэлт, материалууд, график, схем зураг, хүснэгт зэрэг байна.

Семинарын хичээл

2011 оны 05-р сарын 02 Нийтэлсэн shiilegmaa
Семинарын хичээлүүд нь оюутны онолын мэдлэгийг бататгах, оюутныг бие даан ажиллах арга барилд сургах, оюутны мэдлэг чадварыг шалгах, үнэлэх зорилготой байдаг. Семинарын хичээлийг явуулах олон арга хэлбэр байдаг. Оюутан бүр ногдсон сэдвийн дагуу, хуваарьт өдөр семинарын хичээлд бэлтгэж, түүнийг хөтлөн явуулах болно. Семинарын хичээлд бэлтгэхдээ багшаас өгсөн унших материалын жагсаалтын дагуу холбогдох материалуудыг уншиж судлаад сэдвийн агуулгыг богино хугацааны дотор бусад оюутнууддаа зориулан дахин сануулах, нэмэлт мэдээлэл өгөх зорилгоор урьдчилан бэлтгэсний дагуу илтгэнэ. Илтгэхдээ слайд, зураг дүрслэл зэргийг ашиглаж болно. Тухайн семинарын хичээлд илтгэл тавих бүх оюутнууд илтгэлээ тавьж дууссны дараа хамтран бусад оюутнуудын дунд мэтгэлцээн өрнүүлэхүйц асуудал дэвшүүлэн, асуулт хариултын тэмцээн явуулах, бодлого бодуулах, кейс дээр ажиллуулах зэргээр тэднийг хичээлд идэвхтэй татан оролцуулах бусад хэлбэрүүдийг ашиглах нь зүйтэй. Семинарын хичээлийг явуулах төлөвлөгөөгөө боловсруулан, хичээлийг ямар хэлбэрээр, ямар дарааллын дагуу, хэдий хугацаанд, ямар агуулгын хүрээнд явуулах гэж буйгаа багшид урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Семинарыг явуулахдаа багшаас өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлэх тал дээр ихээхэн анхааралтай хандах шаардлагатай. Тиймээс төлөвлөгөөгөө багшид нэлээд хэд хоногийн өмнөөс урьдчилан танилцуулсан байвал зохино. Хичээлийг явуулахдаа өгөгдсөн интернет хаягаас эгзэгтэй асуудлууд, шинэ тоо баримтуудыг олж, хичээлийг улам бүр сонирхолтой болгох тал дээр анхаарвал зохино.

Анги удирдах урлаг

2011 оны 05-р сарын 02 Нийтэлсэн shiilegmaa
Багш юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно.

Хүүхэд бүхэн ерөнхий боловсролыг заавал эзэмших, тэр тусмаа бага ангийг заавал төгсөж, бичиг үсэгт тайлагдсан байх ёстой байдаг. Харин ахлах ангид бол зарим сурагчид өөрсдийн хүсэлтээр, эцэг эхийн шахалтаар, зарим нь өөр харьяалагдах газаргүйн улмаас явдаг. Сургуульд өөрийнхөө хүслээр ирдэг сурагчид сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхдөө илүү дуртай байхад бусдын шахалтаар юм уу, хүчээр явдаг сурагчид тийм ч сайн байдаггүй. Сургууль бол төлөвлөсөн боловсролын болон хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ. Сургуулийг болон тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд сайн удирдах хэрэгтэй байдаг.

Ангид юу хийх ёстойгоо мэддэг, насанд хүрсэн, мэргэжлийн хүн бол багш байдаг. Удирдахуйн хариуцлага ч түүнд ноогддог.

Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижиг систем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухал оролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөр хоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусад жижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч хол давах болно. Хэрэв ангийг зөв удирдаж чадахгүй бол анги танхим боловсрол, хүмүүжлийн орчин байхаа больж, үймээн самуунаар дүүрэн, тайван бус байдал үүсч, түүнийг хянах нь улам хүнд хэцүү болж харилцаа улам муудан зорилго чиглэлээсээ хазайна.

Анхаарлаа сулруулахаас зайлсхийх
Сайн удирдагчтай ангид урам зориг болон хайр мэдрэгдэж байдаг. Багш болон сурагчид зорилгоо ухамсарласан байдаг бөгөөд түүндээ зоригтойгоор, итгэлтэйгээр урагшлах ба боловсрол эзэмших гэдэг зугаатай зүйл болно гэсэн үг. Асуудал үүссэн ч амархан шийдэгддэг. Багш, юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно. Учир нь хүмүүс, мэдээж сурагчид ч гэсэн бүх зүйлийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хийж дараа нь түүндээ ямар нэг тохииромжтой тайлбар олдог.

Багш, өөрийнхөө нөлөөг бий болгохын тулд ангид орохоосоо өмнө өөрийгөө тайван, бэлэн, идэвхтэй болгох шаардлагатай. Хүн өөрийн мэдэлгүй анхаарлаа сулруулж орхидог бөгөөд энэ нь халдварлахын зэрэгцээ, хамаг эрч хүчийг авч оддог билээ. Харин багшид их хэмжээний эрч хүч зайлшгүй шаардлагатай байдаг.

Байнга шаардлагатай байдаг эрч хүчээ гаргаж ирэхийн тулд тайван байх хэрэгтэй. Өөрөө өөртэйгөө холбоо тогтоох, дотоод сэтгэлийнхээ байдлыг ямар байгааг мэдрэх тэрхүү мэдрэмжийг дадал болгож чадвал анхаарал сулрах үйл явцыг байнга хянаж чадах бөгөөд тайвшрах дасгалуудыг хийж арга хэмжээ авах боломжтой болох юм. Тайвшрах гэдэг бол хүн өөрийн ухамсартайгаар хийж болдог зүйл билээ. Тодорхой төрлийн дасгалуудыг хийснээр анхаарал сулрахаас гарах боломжтой болох юм. Бага ангийн багш байхдаа сурагчидтайгаа "алим түүх" тоглоом тоглож тэдний болон өөрийнхөө анхаарлыг байнга өндөр байлгадаг байж билээ.

Биеэ авч явах байдал чухал нөлөөтэй
Тэнцвэргүй байх гэгч нь бас хүний эрч хүчийг багасгадаг хүчин зүйл билээ. Физиологийн хувьд тэнцвэр алдагдахад сэтгэл санааны байдал ч алдагддаг. Самбарын өмнө зогсож байхад хөлдөө мөрний хэмжээний зай авч, толгой эгц, хараа ангийнхан руу чиглэсэн байхад илүү тэнцвэртэй, илүү тайван болж нөгөө нөлөө гээч нь нэмэгдэх болно.

Багшийн үйл хөдлөл бүр зорилгодоо чиглэсэн бөгөөд ухамсартайгаар хэрэгжиж байх ёстой. Харин ийнхүү нөлөөгөө бий болгосны дараа ангид тухайн өдрийн хичээлийн сэдэв, зорилго, юу хийгдэх талаар товч дурдаж гол гол зүйлсийг дахин тэмдэглэх хэрэгтэй байдаг. Ингэх нь сурагчдын анхаарлыг татаж тэднийг төвлөрүүлдэг.

Шог хошин ярианыхаа хэмжээг тааруулах хэрэгтэй
Өөр нэг чухал зүйл бол боловсрол, сургалтын явцад хангалттай тоглоом, наадам, хошигнол байх хэрэгтэй. Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн чухал хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ анхаарлаа хандуулдаггүй хүүхдүүдийг- (ихэнхдээ хөвгүүд ийм байдаг) хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга болдог.

Боловсролын арга хэрэгсэл, физиологийн орчин ч гэсэн ангид идэвхтэй, анхаарал татам суралцах нөхцөл бүрдүүлэхэд чухал байдаг. Манай улсад багш нар хангалттай хэмжээгээр идэвхтэй байж чадахгүй байгаа ч гэсэн чадлынхаа хирээр үзүүлэн, самбар бэлтгэж таван мэдрэхүйд хүртэх зүйлсийг ч хичээлдээ ашиглавал нөлөөгөө улам нэмэгдүүлэх боломжтой. Нэгэн сургуулийн багшийн "Хэрэв та сурагчдынхаа анхаарлыг татаж, тэднийг завгүй байлгаж чадахгүй байгаа бол асуудлуудтай орооцолдоход бэлдээрэй" хэмээн хэлсэн үгийг ч энд дурдахад илүүдэхгүй байх гэж бодож байна.

Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн чухал хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ анхаарлаа хандуулдаггүй хүүхдүүдийг хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга болдог.

Өөр нэг чухал зүйл бол сурагчдад ангидаа, сургуульдаа дагаж мөрдөх ёстой журам, ингээгүй тохиолдолд юу болохыг, хэрэв дагаж мөрдвөл ямар үр дүнд хүрэх боломжтой болохыг боломж нэг бүрийг чадварлаг ашиглан, тэдний ойлгож чадах хэлээр хэлж ярьж байх явдал юм. Сурагчид шагнал болон шийтгэлийг мэдэх, тэдгээрийг шударгаар хэрэгжүүлдэг болохыг мэдэх, харах болон багшдаа итгэх эрхтэй байх ёстой. Хүүхдүүд гэртээ болон сургуульдаа хоёр шалтгаанаас болж таагүй байдал үүсгэдэг. Нэгдүгээрт хил хязгаар болон уян хатан хил хязгаарыг мэдэхгүй байх явдал. Аливаа хязгаарлалтыг мэдэхгүй байх нь хүүхдэд төөрсөн мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Уян хатан хил хязгаар гэдэг нь онцгой тохиолдолд үндсэн хязгаарлалт хэдий чинээ уян хатан байж болох нөхцөл юм.

Хоёрдох таагүй байдлын шалтгаан нь багшийн эсвэл сурагчийн эцэг эх буюу эрх мэдэлтэй хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж юм. Хүүхэд эхлээд өөрийг нь таньдаг, түүнийг хайрладаг, хүндэлдэг хүнийхээ (үүнд эцэг эх, багш аль нь байж болно) дэргэд өөрийгөө илүү аюулгүй, чөлөөтэй байгааг мэдэрч, түүнийг хайрлан, хүндэлдэг. Та өөрийгөө хайрладаггүй, хүндэлдэггүй бол хүүхдээс, сурагчаас ийм зүйлийг бүү горьдоорой. Эхлээд өөрийгөө хайрлаж, хүндэлдэг болж дараа нь хүүхдийг хүндлэх хэрэгтэй билээ. Бид хүүхдүүдийг хайрладаг ч хэр хүндэлдэг билээ? Хайрлах нь хангалттай хэмээн боддог. Сурагчдын харилцаа холбоонд цаг тухай бүрт нь, тохиромжтой арга замаар хариу мэдээлэл хийх, мөн ангийг ч гэсэн тэгж үзэх нь удирдахад чухал үүрэгтэй байдаг байна.

Самбарын дээд хэсэгт бичих хэрэгтэй
Багш хүн, сурагчдын зан харьцаа, идэвхтэй байдал, суралцах арга барил, амьдралын хэв маягийг сайн таних, хүүхдүүд ангидаа бие биедээ хэрхэн нөлөөлдгийг мэдэх нь тэдэнтэй сайн харилцаатай байх, ямар нэг зүйлийг заавал багшийн нүдээр биш харин, аль нэг талыг баримтлалгүй харж чаддаг байх зэрэг нь ангийг удирдан, чиглүүлэхэд маш их дөхөмтэй байдаг. Анги удирдахад аливаа асуудал хэдийд, юунаас болж үүссэний нэгэн адил хэрхэн яаж шийдвэрлэгдэх нь ч их чухал байдаг. Шийдвэрлэлт гэдэг нь таны бодож байгаа шиг тийм хүнд хэцүү зүйл биш юм. Тухайлбал сүүлийн үед сургуульд нэмэгдэх хандлагатай болж байгаа хүч хэрэглэх явдал завсарлагаанаар тавьдаг сайхан хөгжмийн ачаар багассан талаар нэгэн судалгааг хийсэн хүмүүс онцлон тэмдэглэсэн байдаг. Мөн хичээл заах явцад янз бүрийн өнгө болон дүрс ашиглах, самбарын хамгийн дээд хэсэгт юм бичих зэрэг нь тухайн ангид өрнөж буй хөдөлгөөнийг багасгадаг байна. Учир нь хүүхдүүд доошоо харах үед илүүтэйгээр хүрэх мэдрэхүйгээ ашигладаг байхад дээш нь өндийн харахдаа харах мэдрэхүйгээ ашигладаг бөгөөд энэ нь хөдөлгөөнийг багасгадаг аж.

Сөрөг үйл үг хэрэглэхгүй байх
Өөр нэг чухал зүйл бол та сурагчдаа юу хийгээсэй гэж хүснэ, түүнийгээ хэлж ойлгуулах хэрэгтэй. Тухайлбал шуугилдаж байгаа хүүхдүүдэд "Битгий шуугилд" гэж биш арай эерэг үг хэрэглэн дуугүй байх хэрэгтэйг нь ойлгуулах хэрэгтэй. Хүний сэтгэл санаа, бие болон оюун санаа нэгдмэл нэг зүйл юм. Хүүхдийн сэтгэл санаа өөрчлөгдөхөд оюун санаа болон зан харьцаа нь мөн адил өөрчлөгддөг байна. Энэ зүйл бидний хувьд ч гэсэн хүчин төгөлдөр байх болно. Хүн, оюун ухаан нь хэрхэн ажиллаж буйг мэдэх, үүнтэй холбоотой шинэ зүйлсийг үргэлж мэдэж байх, тэдгээрт нээлттэй байх нь маш их үр дүнтэй болохыг бид мэднэ.

Сайн багшийн тухай миний бодол

2011 оны 05-р сарын 02 Нийтэлсэн shiilegmaa

Хиргүй тунгалаг, цав цагаахан ертөнц бол хүүхдийн ертөнц… Гэнэн хонгор инээдээрээ хорвоог уярааж, эцэг эхдээ амин эрдэнэ нь болж ирсэн тэр ариухан бүгд хүүхдүүд. Хүний амьдралыг утга учиртай, ариун нандин болгогч тэр л хүүхдүүд билээ…

Тиймээ! Би хүүхдэд хайртай. Тэр ариухан гэгээн ертөнцөд хайртай. Хорвоогийн бүх хүүхдийг би ялгалгүй хайрлаж чадна. Тийм ч учираас би багш хэмээх энэхүү хамгийн агуу мэргэжлийг сонгосон билээ. Тэр тусмаа сургуулийн өмнөх боловсролын буюу бага насны хүүхдүүдийн багшийн  мэргэжил. Аз жаргалтай инээмсэглэлээр бүхнийг уяраах шидтэй тэрхүү хөөрхөн хүүхдүүдтэй хамт байхыг хүссэн юм. Тэдний гайхамшигт ертөнцөд зочлон, тэдний дунд үргэлж байж, амьдралаа гайхалтай сайхан энергээр цэнэглэхийн тулд би энэхүү мэргэжлийг сонгосон юм. Юугаа ч мэдэхгүй, гэнэн цайлган тэр хөөрхөн хүүхдүүдтэй харьцахын тулд би өөрөө маш сайн багш болох ёстой гэж боддог. Учир нь хүүхдийн ертөнц  гэдэг бол гаднаас нь анзаарахад энгийн юм шиг хэрнээ дотроо гайхалтай нууцын агуу л гэсэн үг…

Энэ бүхнийг ойлгон сайн багш болохын тулд ямар болох ёстой бол???. Энэ мэрэгэжлийг сонгох болсон цагаасаа эхлэн би зөвхөн үүний тухай л боддог болсон гэхэд хилсдэхгүй. Яагаад гэвэл би тэр ариухан, хиргүй тунгалаг ертөнцийг амьдралд хөл тавихад нь туслах хамгийн анхны хүний нэг учраас. Мэдээж эцэг эхийн хайр энэрэл, тэдний өгсөн зөв хүмүүжил, итгэсэн итгэл зэрэг нь хүүхдийн амьдралд хамгийн чухал үүрэгтэй. Гэхдээ хичнээн эцэг эх нь  зөв сайн хүмүүжүүллээ ч гэсэн багш хүн хүүхдийг аль нэг тийш нь буруу залвал тэр хүний амьдрал маш хэцүү болно. Тиймээс багшийн мэргэжил ямар их үүрэг хариуцлагатай мөн ямар их аз жаргалтай, агуу мэргэжил вэ? гэдэг үүнээс харагдаж байгаа  юм. Би ч гэсэн “бяцхан” хүүхэд байсан. Хүүхдийн сайхан ертөнцийг тойроогүй дайраад гарсан. Тийм ч учраас хүүхэд гэж юу вэ? Тэдний ертөнц ямар вэ? гэдгийг мэднэ. Үүнийг мэдсэн учраас сайн багш болохын тулд хамгийн эхлээд яг тэр хүүхдийн ертөнцөд өөрөө амьдарч, тэдэн шиг сэтгэж, тэднийг ойлгож тэднийг сонсож байх естой гэж боддог. Хүүхдийн хүсэл мөрөөдлийг сонсож тэдэнд хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу хийх ёстойг нь зааж өгөн, амьдралдаа үргэлж сайн сайхан бүхэнтэй учрах болтугай хэмээн чинь сэтгэлээсээ залбирах тийм л багш. Чин сэтгэлээсээ хүүхдүүд, сурагчидаа дэмждэг, тэднийхээ хүсэл сонирхолыг ямагт дээгүүр тавидаг, мөн маш анхааралтай сонсож чаддаг тийм л багшийг сайн багш хэмээн би бодож байна. Эрээнтэй, бараантай ч гэлээ баялаг энэ амьдралд багш хэмээх энэхүү мэргэжлийг сонгож, үүнийхээ төлөө багш болохийнхоо  төлөө суралцаж ,тууштай зорьж чадаж  байгаа би гэдэг  хүн үнэхээр азтай. Хүний амьдралын хамгийн нандин үе болох хүүхэд насных нь нэгэн хэсэг болж явна гэдэг юутай их аз, юутай их аз жаргал билээдээ. Тиймээ! Би бол багш хүн, сайн багш болохыг эрмэлзэгч эгэл нэгэн билээ.